ТАВАНТОЛГОЙН НҮҮРСНИЙ УУРХАЙН БҮС НУТГИЙН ХУРИМТЛАГДАХ НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭ

Монгол улсын засгийн газар, Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл (УУДБХОДТ) -ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус төслийн зорилго нь уул уурхай болон боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих, дэд бүтцэд санхүүжилтийн эх үүсвэрээс үл хамааран хөрөнгө оруулалт хийхийг дэмжих, дэд бүтцийн төслүүдийг боловсруулж хэрэгжүүлэх дотоодын чадавхыг нэмэгдүүлэхэд оршино.

УУДБХОДТ нь дараах үндсэн 3 чиглэлээр ажилладаг. Үүнд:

  1. Дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих
  2. Чадавхыг сайжруулах, мэдлэг шилжүүлэх
  3. Гүний усны менежментийг бэхжүүлэх

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих” төслийн хүрээнд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны захиалгаар Таван толгойн нүүрсний уурхайн бүс нутгийн хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний ажлыг хийж гүйцэтгэлээ.

Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ нь хөгжлийн бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх, аливаа төслийн өнгөрсөн, одоо болон ирээдүйн үйл ажиллагааны үр дүнд тодорхой бүс нутаг, усны сав газар, нутаг дэвсгэрийн байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд учирсан болон цаашид учруулж болзошгүй шууд болон шууд бус хам сөрөг нөлөөллүүдийн эх үүсвэрүүдийг тодорхойлох, тэдгээрийн тархалт замналуудыг үнэлэх, үр дагавруудыг бууруулах, арилгах арга хэмжээг тогтоох үндсэн зорилготой үйл явц юм.

Таван толгойн нүүрсний уурхайн бүс нутгийн хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний тайланг боловсруулахдаа урд өмнө хийгдсэн байгаль орчны төлөв байдлын судалгаа, үнэлгээний болон нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлангууд, уул уурхайн төсөл хэрэгжүүлэгч компаниудын жил бүрийн БОМТ-ний биелэлтийн тайлангууд, аймгийн статистикийн мэдээлэл, Таван толгойн ордыг ашиглахтай холбоотой бодлогын баримт бичгүүд зэрэг олон материалуудыг уншиж судалж, үр дүнг нэгтгэн авч үзсэн.

Захиалагч: БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ
Төслийн санхүүжүүлэгч: ДЭЛХИЙН БАНК, УУЛ УУРХАЙН ДЭД БҮТЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ
Төслийн үр дүн: Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ
Хэрэгжүүлэх хугацаа: 2016 оны 11 сар- одоог хүртэл
Хуваалцах