Грийнтрендс ХХК нь 2022 оны 7 сард “Монголын Алт” (МАК) ХХК-ийн Нарийн сухайтын нүүрсний уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн санхүүгийн (ARO) тооцоог хийх 1 жилийн хугацаатай гэрээ байгуулж, хамтран ажиллалаа. Энэ ажлын хүрээнд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах Нарийн сухайт уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн санхүүгийн (ARO) тооцоог улирал тутам шинэчлэн сайжруулж, 2023 оны 12-р сард эцсийн тайлан, тооцооллыг “Монголын Алт” (МАК) ХХК-д амжилттайгаар хүлээлгэн өглөө.
Уг тооцооллыг Нарийн сухайтын уурхайн газрын эвдрэл, үндсэн хөрөнгө, нөхөн сэргээлтийн үйл ажиллагааны өнөөгийн түвшинд үндэслэн СТОУС-ын НББОУС 37 “Нөөц, болзошгүй өр төлбөр ба болзошгүй хөрөнгө” стандарт, 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн УУХҮ-ийн сайд, БОАЖС-ын А/181, А/458 тоот хамтарсан тушаалаар баталсан “Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн нөхөн сэргээлт, хаалтын журам”, Сангийн яамны сайдын 2016 оны 409 дүгээр тушаалаар баталсан “Хайгуул болон олборлох үйл ажиллагааны нягтлан бодох бүртгэлийн стандарт” зэрэг аргачлалуудыг харгалзан боловсруулав.
Энэ төрлийн тооцоо судалгаа хийлгэснээр “Монголын Алт” (МАК) ХХК нь Үндэсний хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдээ манлайлан тооцоо судалгааны ач холбогдлыг ойлгон, нөхөн сэргээлтдээ анхааран хэрэгжүүлж буй цөөн хэдэн компанийн нэг болж байна.
“Монголын Алт” (МАК) ХХК-ийн тухай
1993 оноос уул уурхайн салбарт үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн үндэсний хөрөнгө оруулалттай, Монголын Алт (МАК) ХХК нь 2001 оноос хойш Монгол улсын “ТОП-100” аж ахуйн нэгжээр тогтмол шалгарч ирсэн Монголын тэргүүлэх компани юм. Мөн уул уурхайн ашигт малтмалыг зөвхөн гадагш экспортлох бус дотоодын үйлдвэрлэлд ашиглан цемент, хийт бетон зэрэг улс орны хөгжилд зайлшгүй шаардлагатай барилгын материалыг үйлдвэрлэн Монгол улсын хүнд үйлдвэрлэлийн салбарыг түүчээлж буй компани юм.