Хиймэл оюун ухаан (Artificial intelligence -AI) болон Юмсын Интернэт Технологи (Internet of Things – IoT) нь хүн төрөлхтний өмнө тулгараад буй тулгамдсан сорилтуудын нэг болох уур амьсгалын өөрчлөлт, түүнийг нөхцөлдүүлэгч хүчин зүйлүүдийг бууруулахад чухал хувь нэмэр оруулж, өнөөгийн хэрэглэж буй уламжлалт арга барилд хувьсгал хийж байна. Үүний нэг илрэл нь Нэгдсэн Үндэсний Байгууллага (НҮБ) Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Уур амьсгалын эсрэг хиймэл оюун ухааны санаачилгыг (#AI4ClimateAction) бий болгож байгаагаа өнгөрөгч 2023 оны намар мэдэгдсэн байдаг. Уур амьсгалын эсрэг хиймэл оюун ухааны санаачилга (#AI4ClimateAction) нь хөгжиж буй орнуудын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, дасан зохицох үйл ажиллагааг ахиулах, өргөжүүлэх хүчирхэг хэрэгсэл болох хиймэл оюун ухааны үүргийг судлах үндсэн үүрэгтэй.
Тухайлбал, тус санаачилгын хүрээнд хөгжиж буй орнууд, тэр дундаа буурай хөгжилтэй орнууд болон хөгжиж буй жижиг арлын орнуудад Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаанд зориулсан хиймэл оюун ухаанаар ажилладаг зарим шийдлүүд аль хэдийн хэрэгжиж эхлээд байна.
- Мозамбик улсад болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэхэд “Хиймэл оюун ухаанд суурилсан загварчлал” ашиглан олон нийтэд эрт сэрэмжлүүлэг мэдээлэл түгээж эхэлсэн байна.
- Засгийн газар хоорондын хөгжлийн газар (IGAD) нь хүнсний аюулгүй байдал, хүн амын амьжиргаа, эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой “нөлөөнд суурилсан таамаглал”-ыг сайжруулахын тулд хиймэл оюун ухааныг Зүүн Африкийн улс орнуудад ашиглаж эхлээд байна. Ингэснээр тариалалт хийх тохиромжтой цаг хугацааг урьдчилан таамаглах, хөрсний мэндийг үнэлэх, хортон шавж, өвчний дэгдэлтийг хянах, усны хэрэглээг бууруулж, тогтвортой газар тариалангийн практикийг дэмжиж, хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зэргээр хиймэл оюун ухааны тусламжтайгаар газар тариалангийн менежментийг оновчтой болгох боломжтой болж байгаа юм.
- Global Renewables Watch байгууллага “хиймэл оюун ухаан болон хиймэл дагуул”-ын мэдээлэл ашиглан нар, салхины цахилгаан станцуудын байршлыг зураглаж, ашиглалтын түвшнийг хэмжих зорилготой атлас зохион бүтээсэн бөгөөд ингэснээр хэрэглэгчдэд цэвэр эрчим хүчний шилжилтийн явцыг үнэлэх, цаг хугацааны чиг хандлагыг хянах боломжийг олгож байна.
Дээрхээс гадна хиймэл оюун ухааны олон технологиуд уур амьсгалын өөрчлөлтийг хянахад ашиглагдаж байна. Тухайлбал, Лийдсийн Их Сургуулийн хиймэл оюун ухааны технологи нь мөсөн уул хайлах үзэгдлийг хүнээс 10,000 дахин хурдан хэмждэг бол Шотландын Space Intelligence компанийн технологийг дэлхийн 30 гаруй улс өөрсдийн орны ой мод устах, доройтох эрчмийг үнэлэх, ойд хуримтлагдаж буй нүүрстөрөгчийн хэмжээг хэмждэг байна. АНУ-ын Eugenie.ai компанийн хөгжүүлсэн “нүүрстөрөгчийн ялгаралтыг хянах платформ” нь үйлдвэрлэлийн процесст дүн шинжилгээ хийж, компаниудад нүүрстөрөгчийн ялгаруулалтыг хянах, ялгарлыг 20-30% бууруулахад тусалдаг байна.
Хиймэл оюун ухаанаас гадна Юмсын интернэт технологи (IoT) нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаанд хувьсгал хийж байгааг дурдах нь зүйтэй байх. Юмсын интернэт технологи (IoT) нь хүний үйл ажиллагааны ул мөрийг багасгах зарчмаар хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулж, дэлхийн температурын өсөлтийг удаашруулахад чухал байр суурь эзэлдэг.
Эриксон компанийн саяхан гаргасан тайланд IoT нь 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг 63.5 гигатонноор буюу 18%-иар буурахад ихээхэн хувь нэмэр оруулах боломжтой болохыг тодотгосон байна.
IoT нь цэвэр ус, хогийн цэгийн хог хаягдал, ойн хомсдол, агаарын бохирдол зэрэг байгаль орчны олон асуудлыг шийдвэрлэх онцгой боломжийг аль хэдийн олгож байгаа бөгөөд эцсийн дүндээ хүний үйл ажиллагааны байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулахад туслах зорилготой юм. Тухайлбал,
Хөдөө аж ахуй – IoT төхөөрөмжүүд нь цаг агаарын урьдчилсан мэдээний үйл явцын найдвартай байдлыг нэмэгдүүлж, улмаар тариаланчдад нөөцөө илүү үр ашигтай ашиглах, хог хаягдлыг багасгах боломжийг олгоно.
(Зургийн эх сурвалж: www.agrotechnomarket.com)
Ухаалаг хот – IoT-ийг дэмждэг программууд нь жолооч нарт машины зогсоолыг илүү хурдан олох, түгжрэлээс зайлсхийхэд тусалж, машин жолоодох цагийг багасгахад тусалдаг. Нэмж дурдахад, Лос Анжелес хотод саяхан хэрэгжсэн төсөл нь IoT технологийг ашиглан гэрлэн дохиог синхрончлох замаар замын хөдөлгөөнийг жигдрүүлж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, жилд 35 сая гаруй галлон буюу 1.1 сая тонн бензин хэмнэсэн байдаг. Түүнчлэн, агаарын чанарын хяналтыг сайжруулж, агаарын бохирдлыг бууруулах, хог хаягдлын менежментийн ухаалаг систем нь хог хаягдлыг цуглуулах, устгах ажлыг оновчтой болгодог байна.
(Зургийн эх сурвалж: www.e-zigurat.com)
Хууль бус мод бэлтгэх, ойг устгахаас урьдчилан сэргийлэх – Уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж буй хууль бус мод бэлтгэл, ойг устгах үйл ажиллагааг илрүүлэх, мэдээлэх зорилгоор дэлхийн олон улс IoT-ийг дэмждэг төхөөрөмжүүдийг өргөнөөр ашиглах болсон.
(Зургийн эх сурвалж: Andreadis, A.; Giambene, G.; Zambon, R. Monitoring Illegal Tree Cutting through Ultra-Low-Power Smart IoT Devices. Sensors 2021, 21, 7593. https://doi.org/10.3390/s21227593)
Эрчим хүчний хуримтлал ба барилгын автоматжуулалт – IoT нь эрчим хүчний үйлдвэрлэлийг эрэлт хэрэгцээтэй уялдуулахын тулд урьдчилан таамаглах дүн шинжилгээ хийж, илүүдэл эрчим хүчийг хуримтлуулах системийг ашиглах боломжийг инженерүүдэд олгодог. Түүнчлэн, ухаалаг тоолуур нь барилгын эрчим хүчний хэрэглээний талаарх мэдээллийг цуглуулж, энэ мэдээллийг цахилгаан эрчим хүчний байгууллагуудад дамжуулж ачааллыг тэнцвэржүүлэхэд тусалдаг. Энэ нь цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд шаардагдах нүүрсний хэмжээг бууруулж, нүүрстөрөгчийн ул мөрийг эрс багасгадаг.
(Зургийн эх сурвалж: www.project-sherpa.eu)
Юмсын интернэт технологийн давуу талуудыг дурдвал:
- Нөөцийн тогтвортой ашиглалтыг хангах: Юмсын интернэт технологи нь эрчим хүч эсвэл байгалийн нөөц ашиглалтыг бууруулж, нөөцийн тогтвортой байдлыг хангахад тусалдаг.
- Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлдэг: Уур амьсгалын өөрчлөлт болон байгаль орчны хяналт-шинжилгээнд зориулсан IoT төхөөрөмжүүд нь эрх баригчид болон шийдвэр гаргагчдад байгаль орчны нөхцөл байдлыг талаарх илүү мэдээллийг өгөх, байгаль орчны чанар, нөөцийн хяналтаа сайжруулахад тусалдаг. Мөн IoT төхөөрөмжүүд нь уур амьсгалын өөрчлөлтөд дүн шинжилгээ хийх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ төлөвлөхөд чухал байр суурь эзэлдэг.
- Хүрээлэн буй орчны аюул, бохирдлыг илрүүлэх: Уур амьсгалын өөрчлөлтийг эрчимжүүлж байдаг тодорхой тооны бохирдуулагч, хортой элементүүд хүний үйл ажиллагаа болон байгалийн процессын үр дүнд агаар мандалд ялгарч байдаг. IoT төхөөрөмжүүд нь ийм хорт бодис, хий, цацраг идэвхт элементүүдийг хянахад тусалдаг.