Монгол улсын засгийн газар, Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл (УУДБХОДТ) -ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус төслийн зорилго нь уул уурхай болон боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих, дэд бүтцэд санхүүжилтийн эх үүсвэрээс үл хамааран хөрөнгө оруулалт хийхийг дэмжих, дэд бүтцийн төслүүдийг боловсруулж хэрэгжүүлэх дотоодын чадавхыг нэмэгдүүлэхэд оршино.
УУДБХОДТ нь дараах үндсэн 3 чиглэлээр ажилладаг. Үүнд:
- Дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих
- Чадавхыг сайжруулах, мэдлэг шилжүүлэх
- Гүний усны менежментийг бэхжүүлэх
Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний гол зорилго нь Багануурын нүүрсний уурхайн бүс нутагт хэрэгжиж байгаа болон хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн төслүүдийн үйл ажиллагаанаас байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд үзүүлж буй хам ба давхардмал сөрөг нөлөөллийг тодорхойлж, түүний хуримтлагдах байдлыг үнэлэх болон “Найчрал Састайнэблэ” ХХК-ийн 2015 онд гүйцэтгэсэн “БНУБНХНҮ-ний тайлан”-д шаардлагатай засвар, сайжруулалт хийх явдал юм. Үүний тулд бүс нутагт уул уурхайн эрчимтэй үйл ажиллагааны улмаас үүссэн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн өнгөрсөн, одоо, ирээдүйн цаг хугацаан дахь төлөв байдлын өөрчлөлтөд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр байгаль орчин, нийгмийн чухал бүрэлдэхүүн хэсгүүдийг сонгож, тэдгээрт үзүүлсэн хам болон давхардмал сөрөг нөлөөллүүд, тэдгээрийн тархалт замналуудыг тодорхойлж, бууруулах, арилгах арга хэмжээ, түүнийг хэрэгжүүлэх зөвлөмжийг боловсруулахад оршино.
Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ хийхийн тулд доорх зорилтыг тавьсан болно. Үүнд:
- Бүс нутагт үүссэн байгаль орчны гол тулгамдсан асуудлууд дээр үндэслэн нөлөөлөлд хамгийн ихээр өртсөн буюу өртөж болох байгаль орчин, нийгмийн чухал бүрэлдэхүүн хэсгүүдийг тодорхойлох;
- Хуримтлагдах нөлөөллийн тархалтын орон зай болон цаг хугацааны хил хязгаарыг тодорхойлох;
- Бүс нутагт хэрэгжиж байгаа, хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн төслүүд болон бизнесийн үйл ажиллагааны үр дагавар, байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйлс зэргээс БОНЧБХ-үүдэд үзүүлэх нөлөөллийн өөрчлөлтийг тодорхойлж, эрэмбэлэх;
- Бүс нутагт үүссэн хуримтлагдах нөлөөлөл, эрсдлүүд нь хэрхэн харилцан үйлчилж буйг тогтоож, тэдгээрийн хам ба давхардмал шинж чанарыг тодорхойлох;
- Бүс нутаг дахь хүн амын эрүүл мэнд, ахуй амьжиргаа, эдийн засаг-нийгмийн хөгжилд үзүүлэх нөлөөллийг тодорхойлж, хуримтлагдах байдлыг үнэлэх;
Байгаль орчин, нийгмийн хуримтлагдах нөлөөллийг бууруулах арга хэмжээг шатлалын дагуу боловсруулж, түүний хэрэгжилтэд хяналт тавих шалгуур үзүүлэлтийг тодорхойлж, арга хэмжээний хэрэгжилтээс үүсэх альтернатив байдлыг үнэлэх.
Захиалагч: | БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ |
Төслийн санхүүжүүлэгч: | ДЭЛХИЙН БАНК, УУЛ УУРХАЙН ДЭД БҮТЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ |
Төслийн онцлог: | |
Төслийн үр дүн: | Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ |
Хэрэгжүүлэх хугацаа: | 2016 оны 11 сар- 2019 оны 12 сар |