Грийнтрендс ХХК нь захиалагчийн хүсэлт, хэрэгцээнд тулгуурлан ОУ-ын болон дотоодын банк, санхүүгийн байгууллагуудад Байгаль орчин, нийгэм, засаглалын /БОНЗ/ эрсдэлийн удирдлагын зөвлөх үйлчилгээ, БОНЗ гүйцэтгэлийн магадлан шинжилгээ болон бусад эрсдэл өндөр салбарын байгууллагуудад үүссэн асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн бодит шийдлүүдийг санал болгож, БОНЗ удирдлага хэрэгжүүлэхэд чиглэсэн зөвлөх үйлчилгээ, сургалтын үйл ажиллагаа эхлүүлээд байна.
Грийнтрендс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Баяржаргал: Бид өнөөдрийг хүртэл гадны зөвлөхүүдийг урьж БОНЗ удирдлагын зөвлөх үйлчилгээг авдаг байсан бол одоо дотоодын компаниас БОНЗ удирдлагын зөвлөх үйлчилгээг авах, тогтвортой хөгжлийн зорилтуудад хувь нэмэрээ оруулах боломжтой болж байгаад баяртай байна.
—————————————————————————————————————————————————————————————————————————–
Тогтвортой хөгжил – Тогтвортой санхүүжилт - Байгаль орчин, нийгэм, засаглал гэж юу вэ?
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Тогтвортой хөгжлийн дээд хэмжээний 2015 оны 9 дүгээр сард зохион байгуулагдсан чуулга уулзалтаар 17 зорилго, 169 зорилт, 244 шалгуур үзүүлэлт бүхий 2030 он хүртэлх Дэлхийн Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг баталсан. 2016 оны 1 сарын 1-нээс “Тогтвортой хөгжлийн зорилго” (ТХЗ) албан ёсоор дэлхий нийтээр хэрэгжиж эхэлсэн ба энэ нь нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн хөгжлийн тулгуурт суурилан тогтвортой хөгжилд хүрэх дэлхийн нийтийн урт хугацааны бодлогын баримт бичиг юм (ҮСХ).
Тогтвортой санхүүжилт нь Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг байгууллагын болон жижиг дунд бизнесийн түвшинд дэмжих зорилготой. Тогтвортой санжүүжилийг хэрэгжүүлэх гол механизм нь Байгаль орчин, нийгэм, засаглалын /БОНЗ/ шалгуур юм.
Байгаль орчин, нийгэм, засаглал /БОНЗ/ нь байгууллагын санхүүгийн бус эрсдэлийг харуулдаг бөгөөд энэ нь тухайн байгууллагын үйл ажиллагаанаас байгаль орчин болон нийгэмд нөлөөлөх нөлөөлөл, тухайн байгууллагын засаглалын эрсдэлийг тодорхойлдог индикатор юм.
Уламжлалт санхүүгийн салбарт БОНЗ-ын эрсдэлийн үнэлгээ нь чухал үзүүлэлтэнд тооцогддоггүй байсан бол орчин үеийн олон улсын хөрөнгө оруулагчид болон дотоодын хөрөнгө оруулагчид зөвхөн санхүүгийн эрсдэлийг харах бус санхүүгийн бус эрсдэлийг ч чухалчлан үздэг болсон.
Санхүүгийн бус эрсдэл нь урт хугацаандаа байгууллагын тогтвортой байдал, ашигт ажиллагаанд шууд болон шууд бусаар нөлөөлж байдаг чухал хүчин зүйлүүдийн нэг юм. Эдгээр эрсдэлүүдийг удирдснаараа байгууллага урт хугацаандаа тогтвортой хөгжиж ашгийн түвшин нэмэгдэх, мөн олон нийтийн дунд нэр хүнд өсөх ач холбогдолтой юм.