Сүүлийн жилүүдэд Монголчууд бид эрчим хүчний шинэ үүсвэр олох чиглэлд ихээхэн чармайлт гаргаж нүүрснээс нийлэг байгалийн хий гаргаж авах технологи нэвтрүүлэх, нүүрсний давхаргын метан хийн хайгуул, судалгааг эрчимтэй хийж байгаа билээ. Үүний дүнд нүүрснээс нийлэг байгалийн хий гаргаж авах үйлдвэрийн төслийг бүрэн боловсруулж, хэд хэдэн нүүрсний давхаргын метан хийн ордуудыг нээн илрүүлээд байна. Метан хий, хүлэмжийн хий, байгалийн хий гэх мэт нэр томьёотой алхам тутам тааралдах болсон нь дээрхийн илрэл ч байж болох. Гэвч амжилт, ололтын зэрэгцээ мэдээллийн дутмаг байдлаас шалтгаалан олон нийтийн дунд хүлэмжийн хий, байгалийн хий, метан хийн талаар буруу ойлголт мөн дэлгэрээд байгааг нуух юун. Иймд юуны түрүүнд мэдээллийн зөрүүг арилгах үүднээс эдгээр ялгаатай хийнүүдийн нэр томьёог тайлбарлах шаардлагатай байх.
Хүлэмжийн хий гэж дэлхийн агаар мандалд хуримтлагдаж уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж байдаг усны уур (H2O), нүүрстөрөгчийн давхар исэл (CO2), метан хий (CH4), азотын давхар исэл (N2O), озон (O3) зэрэг байгаль дээр оршиж байдаг хийнүүд болон бусад озон задалдаг нийлэг хийнүүдийн нэгдлийг хэлнэ. Эдгээр бодисууд нь нийлээд дэлхийн агаар мандлын 1% орчмыг эзэлдэг хэдий ч уур амьсгалын өөрчлөлтийг түргэтгэгч хүлэмжийн эффектийг нөхцөлдүүлж байдаг. Хүлэмжийн эффектийн 36–72%-ийг усны уур болон үүл, нүүрстөрөгчийн давхар исэл 9–26%, метан хий 4-6%, озон 3–7% -иар тус тус нөхцөлдүүлдэг байна.
Харин байгалийн хий нь үндсэндээ метан (60-90%) хийнээс тогтсон, шатах ашигт малтмал юм. Байгалийн хийн найрлагад этан, пропан, бутан, пентан зэрэг нүүрсустөрөгчид, бага хэмжээгээр нүүрстөрөгчийн давхар исэл, азот, гели ба хүхэрт устөрөгч агуулагдана.
Тэгэхээр эдгээр хоёр төрлийн хийнд нийтлэг агуулагдаж буй метан хийн талаар дэлгэрүүлье. Метан хий нь нүүрс, байгалийн хий, нефть зэргийг олборлох, үйлдвэрлэх, тээвэрлэх, хот суурин газрын хог хаягдал, хөдөө аж ахуй, газар тариалан, органик материал шатаах, бохир ус цэвэрлэх байгууламжийн органик бодисын задрал зэргээс ялгардаг.
Метан хий гэдэг нь CH4 молекул томьёо, 16.04 грамм/моль хувийн жинтэй, 55.5 МЖ/кг дулаан ялгаруулах чадвартай, агаар мандалд 12 жил задралд оролгүй орших чадал бүхий алкан химийн нэгдэл. Метан хий нь хүлэмжийн хийн 16%-ийг эзэлдэг хэдий ч 20 жилийн хугацаанд нүүрстөрөгчийн давхар ислээс 80 дахин илүү хүлэмжийн эффект үзүүлэх чадвартай хий юм. Хэдий маш хүчтэй хүлэмжийн хий боловч дулаан ялгаруулах чадвар өндөр чадвартай, эрчим хүчний эх үүсвэр болдог хий юм.
Метан хийн талаар маш олон төрлийн ялгаатай байр сууриуд олон нийтийн дунд тархсан байдаг ба заримаас нь тайлбарлая. Тухайлбал, метан хий нь уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлдөг хий тул ашиглаж болохгүй гэх хэсэг байдаг. Гэтэл метан хийг агаар мандалд задгай ялгаруулснаар хүлэмжийн эффектийг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг түргэсгэж байдаг. Харин метан хийг боломжит бүх хэлбэрээр агаар мандалд задгай ялгарахаас сэргийлэх, эсвэл агаар мандалд ялгарахаас нь өмнө ашиглах замаар ялгарлыг бууруулснаар уур амьсгалын өөрчлөлтийг ойрын ирээдүйд тогтоон барьж, дэлхийн температурын өсөлтийг 1.5˚C хүртэл хязгаарлаж, Парисын хэлэлцээрийн зорилтыг биелүүлэх чухал ач холбогдолтой.
Нөгөөтээгүүр метан хийг эрчим хүчний зорилгоор ашиглахад нүүрстөрөгчийн давхар исэл агаар мандалд ялгарч уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлдөг гэх үзэл бий. Үнэн, метан хий шатахад нүүрстөрөгчийн давхар исэл ялгардаг. Гэвч, нүүрстөрөгчийн давхар исэл нь метан хийнээс хүлэмжийн эффект 20 жилийн хугацаанд 80 дахин бага, дулаан барих чадвар 28 дахин бага байдаг. Судлаачдын үзэж байгаагаар орхигдсон болон ашиглаж буй нүүрсний уурхай, байгалийн хий, нефть олборлолт, хот суурин газрын хог хаягдлын цэг, бохир ус цэвэрлэх байгууламжийн органик бодисын задрал зэргээс ялгардаг метан хийг эрчим хүчний зориулалтаар шатааж ашиглах нь хүлэмжийн эффектийг 96.4% -иар бууруулах боломжтой юм. Бидний хувьд нүүрсний давхаргын метан хий эсвэл нүүрснээс нийлэг байгалийн хий гаргаж авах төслүүдийг хэрэгжүүлэх нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхий дахины санаачилгын өмнө хүлээсэн амлалтдаа хүрэх, эрчим хүчний хараат байдлаас гарах, эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болох, хот суурин газрын агаарын бохирдлыг бууруулах, экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмж ДНБ-ээ нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой.
Байгаль орчны зөвлөх үйлчилгээний Грийнтрендс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Баяржаргал
Эрдэс Баялагийн Тойм сонингийн 2023 оны 2-р сарын Тусгай дугаараас…